Анги удирдах урлагаас суралцацгаая.
Багш юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно.
Хүүхэд бүхэн ерөнхий боловсролыг заавал эзэмших, тэр тусмаа бага ангийг заавал төгсөж, бичиг үсэгт тайлагдсан байх ёстой байдаг. Харин ахлах ангид бол зарим сурагчид өөрсдийн хүсэлтээр, эцэг эхийн шахалтаар, зарим нь өөр харьяалагдах газаргүйн улмаас явдаг. Сургуульд өөрийнхөө хүслээр ирдэг сурагчид сургуулийн дотоод дүрэм, журмыг дагаж мөрдөхдөө илүү дуртай байхад бусдын шахалтаар юм уу, хүчээр явдаг сурагчид тийм ч сайн байдаггүй. Сургууль бол төлөвлөсөн боловсролын болон хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг газар билээ. Сургуулийг болон тухайн ангийг зорилгод нь хүргэхийн тулд сайн удирдах хэрэгтэй байдаг.
Ангид юу хийх ёстойгоо мэддэг, насанд хүрсэн, мэргэжлийн хүн бол багш байдаг. Удирдахуйн хариуцлага ч түүнд ноогддог.
Сургууль бол систем юм. Харин анги бол тухайн системийн бүрэлдэхүүн хэсэг жижиг систем юм. Уг системийг бүрдүүлж буй багшийн эрх мэдлийн хүрээн дэх хамгийн чухал оролцогчид бол багш өөрөө болон сурагчид билээ. Ямар нэг системд бүхий л оролцогчид өөр хоорондоо нөлөөлж байдаг. Уг том системийг сайн удирдан, зохион байгуулж чадвал бусад жижиг бүтэц болох ангиудаас гарах үр дүнгийн нийлбэр нь ерөнхий системийн үр дүнгээс ч хол давах болно. Хэрэв ангийг зөв удирдаж чадахгүй бол анги танхим боловсрол, хүмүүжлийн орчин байхаа больж, үймээн самуунаар дүүрэн, тайван бус байдал үүсч, түүнийг хянах нь улам хүнд хэцүү болж харилцаа улам муудан зорилго чиглэлээсээ хазайна.
Анхаарлаа сулруулахаас зайлсхийх
Сайн удирдагчтай ангид урам зориг болон хайр мэдрэгдэж байдаг. Багш болон сурагчид зорилгоо ухамсарласан байдаг бөгөөд түүндээ зоригтойгоор, итгэлтэйгээр урагшлах ба боловсрол эзэмших гэдэг зугаатай зүйл болно гэсэн үг. Асуудал үүссэн ч амархан шийдэгддэг. Багш, юуны өмнө ангид өөрийнхөө нөлөөг бий болгох учиртай. Энэхүү нөлөөгөөрөө сурагчдад эерэг сэтгэгдэл төрүүлж бие бялдрын хувьд сэргэлэн цовоо байлгаж чадвал ангийг сайн удирдан зохион байгуулах эхний алхам тавигдсан гэж үзэж болно. Учир нь хүмүүс, мэдээж сурагчид ч гэсэн бүх зүйлийг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө хийж дараа нь түүндээ ямар нэг тохииромжтой тайлбар олдог.
Багш, өөрийнхөө нөлөөг бий болгохын тулд ангид орохоосоо өмнө өөрийгөө тайван, бэлэн, идэвхтэй болгох шаардлагатай. Хүн өөрийн мэдэлгүй анхаарлаа сулруулж орхидог бөгөөд энэ нь халдварлахын зэрэгцээ, хамаг эрч хүчийг авч оддог билээ. Харин багшид их хэмжээний эрч хүч зайлшгүй шаардлагатай байдаг.
Байнга шаардлагатай байдаг эрч хүчээ гаргаж ирэхийн тулд тайван байх хэрэгтэй. Өөрөө өөртэйгөө холбоо тогтоох, дотоод сэтгэлийнхээ байдлыг ямар байгааг мэдрэх тэрхүү мэдрэмжийг дадал болгож чадвал анхаарал сулрах үйл явцыг байнга хянаж чадах бөгөөд тайвшрах дасгалуудыг хийж арга хэмжээ авах боломжтой болох юм. Тайвшрах гэдэг бол хүн өөрийн ухамсартайгаар хийж болдог зүйл билээ. Тодорхой төрлийн дасгалуудыг хийснээр анхаарал сулрахаас гарах боломжтой болох юм. Бага ангийн багш байхдаа сурагчидтайгаа "алим түүх" тоглоом тоглож тэдний болон өөрийнхөө анхаарлыг байнга өндөр байлгадаг байж билээ.
Биеэ авч явах байдал чухал нөлөөтэй
Тэнцвэргүй байх гэгч нь бас хүний эрч хүчийг багасгадаг хүчин зүйл билээ. Физиологийн хувьд тэнцвэр алдагдахад сэтгэл санааны байдал ч алдагддаг. Самбарын өмнө зогсож байхад хөлдөө мөрний хэмжээний зай авч, толгой эгц, хараа ангийнхан руу чиглэсэн байхад илүү тэнцвэртэй, илүү тайван болж нөгөө нөлөө гээч нь нэмэгдэх болно.
Багшийн үйл хөдлөл бүр зорилгодоо чиглэсэн бөгөөд ухамсартайгаар хэрэгжиж байх ёстой. Харин ийнхүү нөлөөгөө бий болгосны дараа ангид тухайн өдрийн хичээлийн сэдэв, зорилго, юу хийгдэх талаар товч дурдаж гол гол зүйлсийг дахин тэмдэглэх хэрэгтэй байдаг. Ингэх нь сурагчдын анхаарлыг татаж тэднийг төвлөрүүлдэг.
Шог хошин ярианыхаа хэмжээг тааруулах хэрэгтэй
Өөр нэг чухал зүйл бол боловсрол, сургалтын явцад хангалттай тоглоом, наадам, хошигнол байх хэрэгтэй. Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг- (ихэнхдээ хөвгүүд ийм байдаг) хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог.
Боловсролын арга хэрэгсэл, физиологийн орчин ч гэсэн ангид идэвхтэй, анхаарал татам суралцах нөхцөл бүрдүүлэхэд чухал байдаг. Манай улсад багш нар хангалттай хэмжээгээр идэвхтэй байж чадахгүй байгаа ч гэсэн чадлынхаа хирээр үзүүлэн, самбар бэлтгэж таван мэдрэхүйд хүртэх зүйлсийг ч хичээлдээ ашиглавал нөлөөгөө улам нэмэгдүүлэх боломжтой. Нэгэн сургуулийн багшийн "Хэрэв та сурагчдынхаа анхаарлыг татаж, тэднийг завгүй байлгаж чадахгүй байгаа бол асуудлуудтай орооцолдоход бэлдээрэй" хэмээн хэлсэн үгийг ч энд дурдахад илүүдэхгүй байх гэж бодож байна.
Нэгээс тавдугаар анги хүртэл хөдөлгөөн, хөгжилтэй тоглоом нь зааж сургах хамгийн чухал хэрэгсэл болдог. Ялангуяа хөдөлгөөнтэй, байнга асуудал гаргаж байдаг, хичээлдээ анхаарлаа хандуулдаггүй хүүхдүүдийг хичээлд анхаарлыг нь төвлөрүүлэх, хүмүүжүүлэх зугаатай арга болдог.
Өөр нэг чухал зүйл бол сурагчдад ангидаа, сургуульдаа дагаж мөрдөх ёстой журам, ингээгүй тохиолдолд юу болохыг, хэрэв дагаж мөрдвөл ямар үр дүнд хүрэх боломжтой болохыг боломж нэг бүрийг чадварлаг ашиглан, тэдний ойлгож чадах хэлээр хэлж ярьж байх явдал юм. Сурагчид шагнал болон шийтгэлийг мэдэх, тэдгээрийг шударгаар хэрэгжүүлдэг болохыг мэдэх, харах болон багшдаа итгэх эрхтэй байх ёстой. Хүүхдүүд гэртээ болон сургуульдаа хоёр шалтгаанаас болж таагүй байдал үүсгэдэг. Нэгдүгээрт хил хязгаар болон уян хатан хил хязгаарыг мэдэхгүй байх явдал. Аливаа хязгаарлалтыг мэдэхгүй байх нь хүүхдэд төөрсөн мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Уян хатан хил хязгаар гэдэг нь онцгой тохиолдолд үндсэн хязгаарлалт хэдий чинээ уян хатан байж болох нөхцөл юм.
Хоёрдох таагүй байдлын шалтгаан нь багшийн эсвэл сурагчийн эцэг эх буюу эрх мэдэлтэй хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмж юм. Хүүхэд эхлээд өөрийг нь таньдаг, түүнийг хайрладаг, хүндэлдэг хүнийхээ (үүнд эцэг эх, багш аль нь байж болно) дэргэд өөрийгөө илүү аюулгүй, чөлөөтэй байгааг мэдэрч, түүнийг хайрлан, хүндэлдэг. Та өөрийгөө хайрладаггүй, хүндэлдэггүй бол хүүхдээс, сурагчаас ийм зүйлийг бүү горьдоорой. Эхлээд өөрийгөө хайрлаж, хүндэлдэг болж дараа нь хүүхдийг хүндлэх хэрэгтэй билээ. Бид хүүхдүүдийг хайрладаг ч хэр хүндэлдэг билээ? Хайрлах нь хангалттай хэмээн боддог. Сурагчдын харилцаа холбоонд цаг тухай бүрт нь, тохиромжтой арга замаар хариу мэдээлэл хийх, мөн ангийг ч гэсэн тэгж үзэх нь удирдахад чухал үүрэгтэй байдаг байна.
Самбарын дээд хэсэгт бичих хэрэгтэй
Багш хүн, сурагчдын зан харьцаа, идэвхтэй байдал, суралцах арга барил, амьдралын хэв маягийг сайн таних, хүүхдүүд ангидаа бие биедээ хэрхэн нөлөөлдгийг мэдэх нь тэдэнтэй сайн харилцаатай байх, ямар нэг зүйлийг заавал багшийн нүдээр биш харин, аль нэг талыг баримтлалгүй харж чаддаг байх зэрэг нь ангийг удирдан, чиглүүлэхэд маш их дөхөмтэй байдаг. Анги удирдахад аливаа асуудал хэдийд, юунаас болж үүссэний нэгэн адил хэрхэн яаж шийдвэрлэгдэх нь ч их чухал байдаг. Шийдвэрлэлт гэдэг нь таны бодож байгаа шиг тийм хүнд хэцүү зүйл биш юм. Тухайлбал сүүлийн үед сургуульд нэмэгдэх хандлагатай болж байгаа хүч хэрэглэх явдал завсарлагаанаар тавьдаг сайхан хөгжмийн ачаар багассан талаар нэгэн судалгааг хийсэн хүмүүс онцлон тэмдэглэсэн байдаг. Мөн хичээл заах явцад янз бүрийн өнгө болон дүрс ашиглах, самбарын хамгийн дээд хэсэгт юм бичих зэрэг нь тухайн ангид өрнөж буй хөдөлгөөнийг багасгадаг байна. Учир нь хүүхдүүд доошоо харах үед илүүтэйгээр хүрэх мэдрэхүйгээ ашигладаг байхад дээш нь өндийн харахдаа харах мэдрэхүйгээ ашигладаг бөгөөд энэ нь хөдөлгөөнийг багасгадаг аж.